Inspiring Asia 2025 – наадмын онцлох Монгол бүтээлүүд

This image has an empty alt attribute; its file name is 1.Main-festival-poster-1024x640.jpg

Жил бүр зохион байгуулагддаг Inspiring Asia бичил кино наадам нь нийгэм, байгаль орчны чиглэлээр эерэг өөрчлөлт авчрах чин хүсэлтэй залууст урам зориг өгч, тэдний дуу хоолойг Ази тивд түгээж, дэмжих зорилготой санаачилга билээ.

Энэ жил “Залуусын сэтгэл зүйн эрүүл мэнд” сэдвийн дор хэрэгжиж нийт 50 гаруй орны 860 гаруй бүтээлийг хүлээн авлаа. Үүнд Монгол улсаас 6 уран бүтээл урьдчилсан шатанд тэнцэж үүнээс 2 нь хагас шигшээд, 2 нь гранд финалд шалгарч түүхэн амжилт гаргаад байна.

Монгол залуусын сэтгэл зүйн эрүүл мэнд

Монгол улсад 3 хүн тутмын 2 нь 35 доош насны залуус эзэлдэг хэдий ч тэдэнд хамгийн ихээр тулгамдаж буй асуудал анхаарлаас гадуур орхигдсоор байна.

ДЭМБ-ын судалгаагаар өсвөр насны амиа хорлолтоор Монгол улс бүс нутагтаа хамгийн дээгүүр ордог бөгөөд 5 хүүхэд тутмын 1 нь амиа хорлох талаар нухацтай бодож, 2 хүүхэд тутмын 1 нь сэтгэл түгших эмгэгт өртдөг байна.

Гэвч ихэнх нь чимээгүй тэмцэж, тусламж, үйлчилгээ тэр болгон авч чадалгүй нийгмээс тусгаарлагдсаар байна.

Монгол залуусын өгүүлсэн 6 түүх

Асуудал бодитоор оршиж буйг хүлээн зөвшөөрснөөр шийдэл эхэлдэг. Иймд нүдэнд үл харагдах эдгээр асуудлуудыг бичил кино уран бүтээлээрээ дамжуулан эр зоригтойгоор олон нийтэд нээлттэйгээр өгүүлэх 6 уран бүтээлийг та бүхэнд толилуулж байна.

Гранд финалд шалгарсан төсөл болон кино бүтээл:

Light Up

Төслийн баг: Гүүд Нэйборс ОУТББ

Товч тайлбар: Сэтгэл хөдлөлөө илэрхийлж, ярилцах орон зайгүй олон өсвөр үеийн залуус хэнд хандаж, яах учраа ололгүй чимээгүй дотроо шаналсаар. Харин асуудлаа хуваалцаж, итгэл найдвараа олсон нэгэн охин бусдын сэтгэлийн гэрлийг хэрхэн асааж буй талаар тус кинонд өгүүлнэ. “Туршлага нэгт үе тэнгийн дэмжигч” хөтөлбөрөөр дамжуулан сэтгэл зүйн хүнд асуудлаа даван туулж, эдгэрсэн залуус нэгэндээ хөтөч болж хамтдаа ярилцан, нэгнээ дэмжих аялалд гарч буй бодит түүхтэй танилцана уу.

Холбогдох мэйл хаяг: marketing@goodneighbors.org.mn

Уг бүтээлийг ЭНД дарж хүлээн авч үзнэ үү.

Box

Кино баг: АШУИС-ийн Гистологийн клуб

Товч тайлбар: Хүсэл мөрөөдлөө даган өөрийгөө бүтээхээр явж буй хүү болон хүүхдүүдээ бусдын адил, хүний дайтай яваасай хэмээн айж санаа зовох эцэг эх. Тэдэнд биенээ чин сэтгэлээсээ сонсох ганц л хором хэрэгтэй байв. Гэвч хүү эцэг эхдээ өөрийгөө ойлгуулахаар хэчнээн чангаар хашхирлаа ч харамсалтай нь тэд хайрцгаасаа гарч хүүгээ сонсохоо даан ч мэдэхгүй.

Холбогдох мэйл хаяг: dulguunmurunn@gmail.com borbardu@gmail.com

Уг бүтээлийг ЭНД дарж хүлээн авч үзнэ үү.

Хагас финалд шалгарсан төсөл болон кино бүтээл:

Dandelion

Төслийн баг: Кристина Ноблийн Хүүхдийн Сан

Товч тайлбар: Эрх чөлөөгөө хасуулж, хийсэн үйлдлийнхээ төлөөсөнд төмөр торны цаана орсон ч тэд дотроо мэдэрч, гэмтэж, гомдож хамгийн гол нь итгэл тээж буй хүүхдүүд. Ядуурал, үл хайхралт, үе тэнгийн буруу нөлөөлөл зэрэг амьдралын хүнд нөхцөлөөс үүдэн эрх чөлөөгөө хасуулсан өсвөр насны хүүхдүүдийн сэтгэлийн шарх, тэмцэл, хат төдийгүй энэ бүхнээс үл ажран аз жаргал, гэрэлт ирээдүйг хүсэн мөрөөдөж буй тэдний бодит түүхийг энэ киноноос үзээрэй.

Холбогдох мэйл хаяг: mongolia@cncf.org

Уг бүтээлийг ЭНД дарж хүлээн авч үзнэ үү.

The World Sees You, You See The World

Кино баг: Гүүд Нэйборс ОУТББ

Товч тайлбар: Хүүхдүүдийн нүдээр дэлхий ертөнц ямар харагддаг бол? Томчууд, тэгш бус байдал, тарчиг амьдрал, аз жаргал, найзууд бас гэр бүл. Өмнөөс нь таамаглаж, өнгөөр будалгүй тэдэнд камер өгөөд харцгаая. Эцэг эхээсээ юу хүсдэг, амьдралыг юу гэж хардаг, ямар бэрхшээлтэй тулгардаг гэдгийг ойлгоход энэхүү баримтат кино бидэнд тусална. Хоол, аюулгүй орчин, боловсролоос илүүтэй тэд хайр, халамж, харилцаагаар дутаж буйг та өмнө нь анзаарч байсан уу?

Холбогдох мэйл хаяг: marketing@goodneighbors.org.mn

Уг бүтээлийг ЭНД дарж хүлээн авч үзнэ үү.

Урьдчилсан шатанд шалгарсан төсөл болон кино бүтээл:

Healing Mongolia

Төслийн баг: Positive Dadal

Товч тайлбар: Материаллаг хөгжилд хүрснийхээ дараа бид аз жаргалтай, амар тайван болох уу? Тэр хүртэл залуу үеийнхээ сэтгэл зүйн эрүүл мэндийг хойш нь тавьсаар байна гэж үү? 21-р зууны цахим эрин үед амьдрах монгол залуусын сэтгэлийн шаналалд ярилцах орон зай, шийдэх шийдэл, хамтдаа туулах гарцыг эрэлхийлэн, яг одооноос сэтгэл зүйн эрүүл мэндийг хувь хүн, гэр бүл, ажил, сургууль, үндэстний хэмжээнд анхаарахыг уриалж, нээлттэй ярилцах соёл, итгэл найдвар, мэдлэг боловсролыг түгээж буй хөдөлгөөний түүхтэй танилцацгаая.

Холбогдох мэйл хаяг: positivedadal@gmail.com

Уг бүтээлийг ЭНД дарж хүлээн авч үзнэ үү.

Lapin

Кино баг: АШУИС-ийн Гистологийн клуб

Товч тайлбар: Бага насны таагүй дурсамж тэндээ үлддэг үү, эсвэл биднийг дагасаар л байдаг уу? Харанхуйгаас айх айдастайгаа нүүр тулахын тулд тэр эхлээд өнгөрсөн амьдралаа хүлээн зөвшөөрч, тавьж явуулах хэрэгтэй. Эдгэрлийн эхний алхам бол айдастайгаа нүүр тулж, бусдаас тусламж хүсэх юм.

Холбогдох мэйл хаяг: dulguunmurunn@gmail.com borbardu@gmail.com

Уг бүтээлийг ЭНД дарж хүлээн авч үзнэ үү.

Бид юу хийж чадах вэ?

Эдгээр уран бүтээлийг үзээд зогсохгүй бусдад түгээж Монгол залууст тулгамдаад буй энэ асуудлын талаар нээлттэй ярилцаж байхыг уриалаарай.

Бид бүгдийн эргэн тойронд эдгээр асуудалтай чимээгүй тэмцэж байгаа хэн нэгэн байхыг үгүйсгэхгүй бөгөөд тэднийг ойлгож, тусламжийн гараа сунгахад бэлэн байж өөрчлөлтийг өөрөөсөө эхлүүлээрэй.

ОРОЛЦ, УРИАЛ, ӨӨРЧИЛ!

Лоринэт Сан нь Монгол улсад туслалцаа дэмжлэг шаардлагатай байгаа хүүхэд залуус руу чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдэд санхүүгийн болон бусад дэмжлэгийг үзүүлж ажилладаг бөгөөд Inspiring Asia 2025 бичил кино наадмын албан ёсны хамтрагч байгууллагаар ажиллаа.